Нийтлэл

Эрдэм шинжилгээний судалгаа, ном зохиол туурвихын хажуугаар нийгмийн доторхи гаж буруу үзэгдэл, ялангуяа хэлний боловсролын талаар шүүмжлэлтэй асуудлуудыг цаг заваа гарган бичиж, олон нийтийн хэвлэлүүдэд нийтлүүлж байжээ. Энэхүү хүн ардаа соён гэгээрүүлэх зорилгоор төвийн тогтмол сонин, сэтгүүлд нийтлүүлсэн эдгээр мэдээлэл нь тэр үедээ төдийгүй , өнөө үед ч сургамжтай байх үүднээс зарим өгүүллийг сонгон дор сийрүүлэв.

МОНГОЛЫН ЗА — АНДАГААР БУЙ ЗАА

        Манай монгол утга зохиолын, дээр эртний нэгэн дурсгал, арван гуравдугаар зууны үеин  Монголын Нууц Товчоо гэдэгт нэгэн сайхан цэцэн үг бий нь манай эртэс дээдсийн эл  сайн сайхны эрмэлзлэл боловсрол төгрийг гэрчлэн одооны биднийг, түүнийг мөн эрхэмлэгтүн гэсэн утга бүхий өндөр соёлт түмний цэцэн үг болно. Тэр үг бол,          
Монгол за-            
Андагаар буй за!            
Андагаар гэж тангараг гэсэн үг. Андгай, андагаар, тангараг гэж утга ойролцоо хэдэн үг манай баялаг хэлнээ буйн нэг баримт даруй мөн. Саяхи цэцэн үгийн учир утга нь сүрхий гүнзгий: бидний монголчууд, нэг л за гэвэл, даруй ам тангараг, андагаар шахаан өргөсөнтэй адил- гэсэн утгатай бөгөөд, хүнд юм амлабал, за гэсэн чинь цаад хүний өмнө ам өгснөө заавал биелүүлж байх ёстой! гэсэн дээд боловсон зарчим ёс манай өвгөд дээдэст байжээ!            
        Энэ бол, өөрийн биеийг нэнд хүндэтгэж, хамаагүй юманд худлаа за гэж болдоггүй гэдгийг эртэс дээдэс маань нэвтэрхий нарийн мэддэгийн гэрч ээ! Өрөөл хүнийг хүндэтгэж, түүнд худлаа хуурмаг за гэж залилж болохгүй, нэгэнт за гэвэл, хэлсэн үгэндэээзэн болж байх учиртайг заажээ. Тэгээд л ирэхэд, за гэж ам нээхийн өмнө тэгж хэлж болох нөхцел бололцоо байна уу? Хүнийг эа гэж итгүүлээд, тэр за гэсэндээ эс хүрвэл, сайн сайхны ёсонд таарахгүйг мөрдөх дүрэм, журамлах ёс болгосон нь хүний итгэлийг эвдэхгүй, тэр за гэсэнд нь итгэсэн хүний цагийг, хөдөлмөрийг, горьдлыг үрэгдүүлэх тэр за гэсэнд нь итгээд, түүнээс үндэслэн ажил байдалдаа төлөвлөгөө төсөл зохиохы нь хүсэрдүүлэхгүй гэсэн боловсон сайн сайхан зуршил байгаа нь манай өвгөд дээдсийн өндөр их соёлтойн нэгэн сайхан гэрч даруй мөн.                
        Цэцэн мэргэн билэгт манай яруу найрагч ард түмний уртын сайхан дуунд «Эр бор харцага» гэдэг нэгэн сайхан дуу бий. Түүнд, идэр залуу насаа даанч арчаагүй өнгөрөгдгийг гунин өгүүлсэн үг бол өвгөд дээдсээс хойч үеийнхэндээ сургаал болгосныг дурдаж, цаанаа гүн ухааны утга сургаал бүхүйг цухас тэмдэглэн хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж ардын маань цэцэн үгэнд байдаг нь их л учиртай, багаасаа сайхныг эрхэм болгохыг хичээ гэж дүгнэсэн сургаал үгийг дурдалтай.            
        Орь залуу насны хүн, алтан дэлхийд амьд явахдаа, оюун төгөлдөр хүн болсон хэргээ бүтээж, ямар ч ажил хийж, яаж ч аж төрсөн нийгэм олондоо үр бүтээлтэй, улс ардынхаа соёл боловсролд нэмэр оруулж явахыг эрхэм зорилт болгогтун гэсэн утга бүхий эдгээр өтгөс дээдсийн мэргэн сургаал одоо үеийн залууст нэн чухал болж байна.      
        Сайн сайхныг эрхэм дээд болгох гэдэг нь, юм бүхэнд сайн сайхныг туйлын нандин болгонүзэж ажил хөдөлмөр хийхдээ ч сайн сайхнаар хийхийг мэрийн хичээж, хүнтэй харилцахдаа ч сайн сайхныг дээдлэж, нөхөр ханьтай, ажил төрөл нэгтэй хүнтэйгээ ч харилцах, хүч санаа нийлэхдээ сайн сайхныг дээд эрхэм болгож, байгалийг ч үзэхдээ сайн сайхны нь бахдан үзэх, хайрлан хамгаалах мэдэл ухаантай болох, урлагийн зүйлд ч сайн сайхны нь танин бахдаж, түүнд нь цэнгэлдэн баясах, шинжлэх ухааныг эзэмшин оролдохдоо ч түүний сайн сайхны нь бахархан амтархаж, еөрийн болоннийт олныхоо хүртээл болгохыг эрмэлзэх ухаан мэдрэлтэй болох учиртай байна. Тэгвэл, сая хүн боловсон хүн, гэдгийн тоонд орж, орчин үеийн боловсролтой болно.            
        Ингэж юм бүхэндээ сайн сайхны эрхэм зорилт эрмэлзлэлтэй болсон хүн орь залуугийн наснаас аваад улам цаашдаа идэр насны ухаан хүчин дэлгэрсэн цагийн туршлага мэдлэг бүрдсэн үедээ, цаашаа өтлөх насанд хүртлээ цагаа дэмий үрэхгүй, өмнөө тавьсан сайхан чиг зорилготой болж ирнэ.            
        Тэгээд ирэхдээ, байгалийн сайхныг бахаддаг хүн алтан дэлхийн аль ч енцөг буланд явсанөөрийн төрсөн нутгийн сайн сайхныг бусад газрынхтай жишин бодож, урьд ажаагүй сонин сайхан юм нээн үзэж, бахдан баярлаж явах болно. Тэгээд ирэхдээ, сайхан мод хараад, дэмий огтлон эвдэж, сайхны нь сүйтгэхгүй, байгалийнхаа үзэсгэлэнг эвдэн гутаахгүй болж ирнэм бөгөөд тийм сайхны нь сэтгэл сэргэн үзэхдээ, билигүүн нүд нээгдээгүй хүнтэй адил, үзэмжит байгалийн дунд архи дарс уун согтуурч, дэлхийн гоо үзэсгэлэнг бузарласан гэрч болох эвдэрхий шил, мах, жимсний лаазыг хог новш болгон орхиж сайхан байгалийг бузарласан, бүдүүлэг амьтан энд согтууран «цэнгэжээ» гэсэн шившигт гэрчийг үлдээхгүй, архинд согтууран «жаргахыг» эрхэм дээд болгохгүй болно. Хөгжим, уран зурагт бахаддаг, түүний сайн сайхныг эрхэм дээд болгодог хүн, тамхины утаа манан болсон гуанзанд сууж архины аягүй үнэр ханхлуулан, хайран бие, хайран цагаа барж сулдайн согтуурахгүй, гоо сайхны эрхэмд цэнгэлдэн бахдаж, амрах цагтаа оюун сэтгэлийн сайхан цэнгэлээр сэтгэл адил нөхөдтэйгээ жарган амрах болно.    
        Огт үр ашиггүйгээр цагаа өнгөрүүлэхгүй, сайхан ном үзэх буюу сайхан бүжиг жүжиг үзэж, зсвэл байгалийн сайханд эрүүл агаарт зугаацан амрах мэдрэлтэй болно. Ажил хийхдээ ч, амрахдаа ч ажил амралтандаа сайн сайхныг эрхэмлэхийн үүднээс, юм бүхэн нь сайн сайхан байх болно. Сайн сайхны үүднээс өөрийнхөө биеийг хүндэтгэж сураад, түүний улмаас өрөөл хүний биеийг хүндэтгэж, түүний цагийг үрэгдүүлэхгүй, хөдөлмөрийг үрэгдүүлэхгүй алинд нь сайн сайхан нөхцөл бүрэлдүүлэхийг эл сайн сайхныг эрхэмлэн дээдлэдгийн үүднээс бодох бодол мэдрэл төрөх болно.            
        Одооны манай олон залуучууд ард түмнийхээ аль сайн сайхан ёс улам өндөр их соёлт түмнийхээ тэр эрхэм өв соёлын дээжий нь эзэгнэн бадруулахдаа, Монгол за-Андагаар буй -заа! гэдгийг эртэс дээдсийнхээ адил нарийнчанд журамлан баримталж, өөреө өөртөө юм суръя, юм хийе гэж зорьсон бол, тэр нь бас л өнөө л монголын за мөний тул, андагаар буй заа! гэж өрөөл хүнд ч за гэсэн, өөртөө ч тэгье гэсэн нь за гэдэгт багтах тул, заавал биелүүлэн гүйцэтгэх ёстой гэдгийг бодож явахыг эрхэмлэн дээдлэх нь эртэс дээдсээс маань уламжлан ирсэн сайхан ёс бөгөөд, энэ тухайд ах нь хэлдэг дүү нь сонсдог гэгчийн ёсонд ч нийцэн, өнөөдөр дүү байсан тануус, хожим нэгэн цагт өөрсдөө ах болохдоо дүү хүндээ сайн сайхан уламжлалаа хэлэн сургах цаг нэгэнт хүрэлцэн ирэхийг бодох хэрэгтэй.  
Ринчен доктор “Залуучуудын үнэн” 1968.4.26

СЭТГЭХҮЙ БОЛОВСРООГҮЙН ҮЗЭГДЭЛ

        Хүн төрөлхтний хэл судлагч эрдэмтэн, нэгэн үзэгдэлд «сэтгэхүй боловсроогүйн чанар» гэж нэр өгсөн зүйл бий. Энэтхэгийн далайн нэгэн аймаг угсаатны хэл, мөн Өмнөд Америкийн нэгэн хэсэг Индиан аймгийн хэл судлагсад галуу ,нугас, харцага, богширго зэргийн шувууны нэр, царс, улиас гэхзэргийн модны нэр тэргүүтнийг тэмдэглэж, хэлий нь судалж байхдаа, харцага, богширго гэх зэргийг төрлөөр нь шувуу буюу, жигүүртэн, нарс, царсыг төрлөөр нь мод гэх зэргийн тэр төрлийн юмыг хийсвэрлэж, нийтэд нь өгсөн нэр байхгүйн үзэгдэлтэй тохиолдож, тухай тухайн юманд оноосон нэр байгаад еренхийд нь өгсөн нэр буюу нэг нэг зүйлд нь хийсвэрлэн бодож, тэр төрлийн юм гэсэн нэр өгч чадах боловсролын хэмжээнд хүрч чаддаггүйг ажиж, «сэтгэхүй боловсроогүйн чанар» гэж нэр өгчээ. Нарснаас нарс л үржин ургахаас, царс болдоггүй. Богширгоос богширго л гарахаас харцага болдоггүй. Харцага нь богширгоо барьж идчихдэг тул, яаж  нэгэн төрлийн нэр болохов? гэж цаадуул нь тэр төрлийн юмны нийтийн нэр бий юу? гэхэд нь гайхдаг байжээ.
        Ийм үзэгдэл, гагцхүү боловсрол буурай аймаг угсаатанд л байдаг үзэгдэл биш, аль ч улсын боловсрол нимгэн давхаргын хүмүүст байдаг үзэгдэл юм гэж сүүлд үзэх болжээ.Манайд энэ үзэгдэл бий юу? гэвэл, нийт улсын сургуулийн насны хүнийг хамарсан бага дунд сургуульд орж боловсроогүй, гагцхүү цагаан толгой заалган «тайлагдсан» нэгэн хэсгийн дунд энэ үзэгдэл элбэг тохиолдож байна. Жишээлбэл, хүнсний дэлгүүрт ороход, сүүний фермээс ирсэн бидонтой сүүгээ сүү гэж мэдэх боловч, гадаадаас авч ирсэн лаазтай сүүг сүү биш «молок» буюу «молкоо» гэж суудаг худалдагч эөндөө! Ерөнхий боловсролгүй тэдгээр худалдагчийг дагаад, бага дундад сургуулийн боловсролгүй хижээл насны хүмүүс бас лаазтай л бол сүү биш «молкоо» гэж бодож, «молкооддог нь «молоко» гэж оросоор даруй «сүү» гэсэн үг гэж ухаараагүйн гэрч нь бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах тухай тогтоол төлөвлөгөөнд сум нэгдлийн цөцгийн тосны төлөвлөгөө гэж хэвлэл сонинд үргэлж ярьж байдаг боловч, үнээгээ саагаад, сүүгээ машиндаж, цөцгийгөөр нь цөцгийн тос боловсруулсныг дэлгүүрт гараад ирэхэд худалдагч нар нь түүнийгээ «маасал, маасол»  гэж нэрлэхээс «масло» гэж тос гэсэн гадаад нэгэн улсын нэгэн нэр юм, монголоор «тос» гэсэн үг гэж ухаардаггүй нь мөн л өнөөх  «сэтгэхүй боловсроогүйн чанар» илрэн үзэгдэж, ардын сүү боловсруулах арганд «тос» гэдэг ухагдахуунд «цагаан тос», «шар тос», «өөхийн тос» гэх зэргийн хэдэн зүйл тос байдгийн дээр улс ардын аж ахуй хөгжөөд ирэхэд урьд хийдэггүй «цөцгийн тос» хийх болсон нь мөн л «тос» гэдгийн нэгэн зүйл, ерөнхийлбэл «тос»,   тусгайлж   ялган нэрлэвэл «цөцгийн тос» гэж нэрлэдэг  болж сонин хэвлэлд «цөцгийн тос» гэдэг тусгай нэртэй болсныг сонин үзэвч, сэтгэхүйд нь шингээгүйн гэрч бөгөөд, анх машин тэрэг буй болоход машин тослодог тосыг ерөнхий боловсролгүй анхны жолооч нар «масло» гэж жолоо барих сургагч нараасаа сонсоод, орчин үеийн улс бүхний хэлэнд тэр зүйлийн нэр буйг мэдэхгүйн учир, өөрсдийнхөө идэж үзсэн цагаан тос, шар төс, өөхийн тос шал өмнөө, тусгай юм гэж хэлний болон ерөнхий мэдлэг нимгэн учраас «маасал» гэж тосл гэсэн юм гэж ухаараагүй өнөөх л «сэтгэхүй боловсроогүйн чанар» үзэгдэж байгаа  хэрэг.  Манай  сургуульд   ургамлын судлал үзэхдээ алим гэдэг жимс, алимын мод гэдэг ургамлын тухай үздэгийн дээр ардын  дуунд: Алим гэдэг жимс, Амаар дүүрэн шимүүстэй гэдэг.  Тэгтэл, одоо манай улсын жимс, жимсгэний станцаас алим ургуулан боловсруулж,түүнийг шилэн саванд «алимын жем» гэдэг хаяг нааж худалдаанд шилжүүлдэг болсонбайхад, боловсрол нимгэн худалдагч нар түүнээ алим гэж мэдэхгүй, лангуугаардүүрэн алим өрөөд, алим байна уу? гэхэд байхгүй! гээд, цаадах чинь юу вэ? гэхэд яавлагаа! гэж, тэдний амыг дагаад ерөнхий боловсролгүй хүмүүс бас «яавлагдаж» байдаг нь алим гэдэг жимсээ танихгүй нь, ардын аман зохиолд «азрагаа унаад,азрагаа эрж явсан» гэдэг үлгэрийн адил болж байгааг нийтийн боловсрол өндөрболж байгаа цагт «яавлагдагч, маасалчингууд» хэлнийхээ боловсролын талаар бодууштай болж, дэлхий нийтийн олон улс бүхэнд байдаг нэрийн зүйл,  тэр боловсролын шатанд хэдийнээ хүрсэн монгол хэлэнд бас бийг бодож байгууштай байна.            
        Сэтгэхүй боловсроогүйн олон зүйлийн илрэлийг ажиглаж болно. Үүнд, дээрх зүйл, гадаад хэл мэдэхгүйн учраас, гадаад хэлний нэрийн зүйл нь монгол хэлэнд маань бас нэр бүхүйг ухаараагүйн улмаас «яавлагдах» нэг нь алим гэдэг жимсээ таниагүй, «молкооддог» нэг нь сүүгээ таниагүй, «остоолддог» нэг нь ширээгээ таниагүй явж байгаа бол орчуулагч нарын дунд  оросоос монгол болгохдоо, орос хэлний өгүүлбэр бүтэх ёс, монгол хэлнийхээ өгүүлбэр бүтэх зарчмыг ухаарах хэмжээнд хүрээгүйгээс монголоор утга санааг нь шал буруу орчуулаад, тэр буруу орчуулснаа монголоор боддог уншигчид огт утгагүй буюу гаж буруу утгатайгаар ухаардаггүй нь мөн л аанай өнөөх «сэтгэхүй боловсроогүйнхээ чанар» олны өмнө илчлэн үэүүлж байдаг байна. Энд ганцхан жишээг дурдвал Төв шуудангийн баруун талын шилэн гуутай үзвэрийн самбарт Вьетнамын тухай гэрэл зураг гаргасны нэгийн тайлбарт нь энэ арван нэгэн сарын турш дэлгээстэй байгаа нь «Түрэмгийлэгч ба эх орноо худалдсан урвагчдын хувь заяа» гэж бичээстэй нь «түрэмгийлэгч ба эх орноо худалдсан» гэж түрэмгийлэгчийгээ ч худалдсан,  эх орноо ч худалдсан» гэж утгагүй буюу буруу тайлбар байгааг энэ завсар үй түмэн хүн үзэн гайхсан байх. Оросоор «Судьба захватчиков и предателей продавших родину» гэсэн байх гэж орос хэл мэддэг хүн тааж «түрэмгийлэгчдийн болон эх орноо худалдсан урвагчдын хувь заяа» нь гэснийг орос хэлний өгүүлбэрийн үгийн дэс дарааг ухаараагүй бөгөөд, монголоороо утга санаагий нь ухааран бодож чадаагүй «сэтгэхүй боловсроогүйн чанар» бүрэн  төгс орчуулагч уг зургийн тайлбарыг утга санаагий нь шал гажуу буруу болгож дээ гэж тэр зургийг монгол үзэгчиддээ  зориулсан газрыг хөөрхийлэлттэй  байна. Гудамжаар шалдан явдаг хүн байвал, ямар муухай юм бэ? гэж хүн бүгд жигшдэгтэй адил, улс монголынхоо хэлний хувьд шалдангуудыг орчин үеийн боловсролт монгол улсын хүн бас л жигшин үзэж, хэлнийхээ боловсролыг бодууштай нь, улсын маань хөгжлөөс шаардагдаж байна шүү!
Б. Ринчен“Хөдөлмөр” No.146, 1969.12.4  

МОНГОЛ ХЭЛНИЙ СУДЛАЛД ТУСЛАНА УУ?

        «Пионерийн үнэн» сонин уншигч олон багачууд аа! Манай Хэл зохиолын Хүрээлэн одоо угсаатны судлал-хэлний шинжлэлийн атлас гаргах гэж, түүнд орох зүйлийг бүртгэн судлаж байна. Энэ атлас манай эрдэм шинжилгээний ажлын нэн чухал зүйл ньюм. Одоогоос дөчин нэгэн жилийн өмнө зэвлөлтийн нэрт монголч эрдэмтэн академич Владимирцов,ийм атлас нэгэн цагт гаргахыг зорилго болгох ёстой юм шүү гэж намайг монголын судлалын дээд сургууль төгсч байх үед захисан нь, одоо сая тийм атлас үүсгэн хийх хүч бололцоо бүрдэж байгаа хэрэг. Тэр атлас тус улсын нутагт түүх сударт тэмдэглэгдсэн үеэс одоо хүртэл ямар ямар улс угсаатан оршин сууж, ямар овогтон байсныг түүх шастираас тэмдэглэн үзүүлж, одоо тэр эртний олон улс аймаг, овог яснаас юу юу нь хаа хаа байна гэдгийг бүртгэж, газрын зураг дээр үзүүлэх юм. Тэр нь бол монгол ардын анх яаж үүссэн, ямар хэл аялгуутай байсан, тэр нь одоо хүртэл яаж хөгжсөөр ирсэн байдлыг судлахад маш чухал болох юм. Атласын тэр мэдээ цуглуулан бүрэлдүүлэхэд,“Пионерийн үнэн” сонины найман түм гаруй идэвхтэн уншигч та нар, бичиг үсэгтэй тул маш их үүрэг гүйцэтгэж, манай эрдэм шинжилгээний ажилд тун их тус хүргэжчадах аугаа хүчин даруй мөн гэж, өтгөс миний бие, та бүхний тусламж туйлын иххүсэж байна. Манай ямар аймгийн ямар суманд нь ямар овог байдгийг ахмад настнаас сураглан тэмдэглэж, Хэл зохиолын хүрээлэнгийн Атласынханд гэж хаяглан ирүүлмүү! Овог гэж юу вэ? гэвэл, одооны хэрэглэж байгаа эцгийн буюу эхийн нэр огт биш, эрт язуур цагаас уе улиран хэрэглэсээр, яс дагаж залгамжлах нэгэн зуйл нэр болно. Жишээлбэл, Боржигин, Шарнууд, Харнууд, Баатад,Олхонуд, Булгадар, Найман Хэрэйд Хуулар, Соён Мэрхид, Хуучид, Сөнид, Онход,Хариад, Чонод, Бодонгууд, Хуацай, Гучид, Урианхан, Хатгин, Бурууд, Хасна,Холдиг, Шангас, Хошууд гэх мэт болно. Овох гэдгийг зарим газар овог, гэдэг, Заримгазар яс гэдэг, зарим газар алкэн гэдэг, зарим газар холо гэж нэрлэдэг ч бий,бас эцэг гэж ч нэрлэдэг ёс бий. Үүнд; та нарын тэмдэглэсэн овгийг овог гэнэ үү,хала гэнэ үү, элкэн гэж нэрлэж байна уу гэдгий нь бас тэмдэглэлцэж байвал маш сайн. Отог гэдэг нэр гарах бий. Ямар отог гэдгий нь сураглан тэмдэглээрэй.Хуучин ямар аймаг хошуу гэж эзэрхэгийн үед нэрлэж байсан нутагт байгаагий нь бас чадвал тэмдэглэхэд хэрэгтэй. Нэг овог дотор бас ялгадаг юм байж магадгүйг суран асуугаарай. Жишээ нь Хуулар гэхэд дотроо Хар Хуулар, Цагаан Хуулар, УлаанХуулар гэж байх, мөн Хиргис овог дотор Хар Хиргис, Шар Хиргис, Намиад овогдотор Хар Намиад Шар Намиад гэх зэрэг ялгадаг зүйл байж болно. Тэр бүгд нь түүхийн үүднээс маш чухал зүйл. Ийм тэмдэглэл хийхдээ, сүүлд нь өөрийнхөө нэр,ямар аймаг сумын ямар сургуулийн сурагч пионер болохыг, бүл гэм зэргийгтодорхой заан бичилцэж, хаягаа маш тодорхой бичиж өгөөрэй. Атласыг хэвлэн гаргахдаа нэрийн бүгд хэлхээ гэдэгт нь тэр атласт мэдээ ирүүлсэн бүх хүнийнэрийг жагсаан бичиж, хамт олны хүчээр зохиож буй тул, хамт олон зохиогчийн нэрийн тоонд тэр атласт чухал мэдээ сурвалжилсан хун бүгдийн нэр орох юм. Бас та бүгдийн тэр яаягаар захиа бичиж, та нарын сурвалжилсан мэдээний зүйл дотор онц чухал юм байвал, дэлгэрүүлэн сурвалжлуулах асуудал ч гарч болох юм. Олон та бүхний энэ сонины хуудсанд та бүхнээр сурвалжлуулан магадлах асуудлаа хойшид бичиж байх болно. Тэхэд, түрүүчийн асуусан зүйлд ганцнэг мэдээ сонссоноо бичиж өгөөд, одоо зүйл дууссан гэж орхидог ёс, шинжлэх ухааны судалгаанд байдаггүй юм. Тийм учраас манай хүсэх асуултын зүйлийг тусгай нэг бяцхан тэмдэглэлийн дэвтэрт буулгаж аваад. юм мэдмээр хүнтэй уулзах тухай бүр урд манай атласынханд хариу бичиж өгсөн эүйлдээ бас нэмэн сурвалжилж болох юу байна гэж ахин дахин сураглан сурвалжлаж байх юм шүү! Та нарын дундаас хожим бас шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэн гарах нь лавдуу хэрэг. Тэхэд, багаасаа шинжлэх ухааны сурвалжлагаа хийж залхуугүй сураг тавьж бас юу гарч магад гэж нарийн няхуу, нямбай хичээнгүй ажиллаж сурахад тань, манай энэ атласт мэдээ сурвалжлах ажил бас нэр ёсны дадлагын ажил болж өх юм шүү! Танай сумын биш, өөр нутгийн юм их мэддэг өндөр настан өтгөс дайралдвал, тэр хүний мэддэг аймаг сумын хэмжээгээр өөрийнхөө сум нутагт сурвалжилж байгаа зүйлээс тэр хүний мэддэг аймаг суманд юу байдгийг бас асуун мэдээд, тэндэхийн тийм хүн хэлж өгсөөн гэж гэрчилгээ болгон тэмдэглэх хэрэгтэй. Шуудангаар явуулсан эдгээр мэдээний эх тэмдэглэлийг хаялгүй хадгалж байгаарай. Хожим хэрэг болно. Шуудангаар хүрэлгүй үрэгдсэн байвал, эх тэмдэглэлээсээ дахин хуулан явуулах хэрэг гарч болзошгүй. Манай атласт сурвалжлан хэрэглэх зүйл тун олон бий. Цөм манай ард түмний соелын их өвийн түүхтэй холбогдолтой бөгөөд монголын судлал гэдэг шинжлэх ухаанд маш чухал зүйл болно. Хожим, энэ атлас гарч гүйцсэн хойно, та нарын дотроос монголын угсаатны зүй гэдэг ухаанугсаатны судлал гэдэг ухаан хэлний шинжлэл гэдэг ухааны эрдэмтэн болоод, тэр атласын дотор багтсан мэдээ баримтаар их нээлт хийж, олон сонин ном бичих хүн гарчболзошгүй. Тэр цагт, анх зохиоход нь би пионер байж, зарим мэдээ сурвалжлажбайсан юмаа. Миний нэр хүртэл бүгд хэлхээнд нь бий гэж үзэж байхад сонин сайхан байх бий.
РИНЧЕН-Хэлний шинжлэлийн доктор профессор академич.“Пионерийн үнэн” , No.11, 1968.3.13 

«Эсмералда» монголын бүжгийн хүрээлэнгийн тайзнаа

        Францын нэрт зохиолч Виктор Хюгогийн 1831 онд «Парисын Эх дагинын сүм» түүхэн роман бичсэнээс хойш энэ завсар маш олон хэлнээ орчуулжээ. Зарим хэлэнд хэд хэдэн удаа орчуулсан ч бий. Бас орчуулж завдаагүй улс, гол нь Аэи Африкт нилээд бий. Тэдгээр улсын уншигч нь мэддэг нэгэн гадаадын хэлээр амтархан  уншсаар иржээ.Манай монгол уншигч, энэ зууны эхэн хагасаас ямарнэгэн гадаадын хэлээр Хюгогийн зохиолыг үзсээр ирсэн бөгөөд, уг «Парисын Эх дагинын сүм» романыг саяхнаас тааруухан орчуулгаар унших гадарлах болжээ.Францын нэрт түүхэн роман «Парисын Эх дагинын сүм»-ээр манай залуу бүжигчин хамт олны бүтээсэн «Эсмералда» бүжгэн жүжгийг монголын бүжгийн хүрээлэнгийн тайзнаа тоглох болсон нь нэгэн шинэ тэмдэглэлтэй зүйл боллоо. Кинонд манай эринд «Парисын Эх дагинын сүм»-ийг бууж орсныг манай уншигчдын нэг хэсэг нь үзсэн байх. Ингэхэд, кино бий болохоос бүр өмнө 1848 онд бүжгийн аргаар эл нэрт романыг үзэгч олонд сонирхуулсан бас зуу гаруй жилийн түүх уламжлалтай байна.
        Тэр бүжиг болгосон зүйлд хөгжмийн зохиолч Пунь уг романы машид гунилт явдлыг хөгжмийн аяар буулгаж, «Парисын Эх дагинын сүм» зохиолд гардаг гол баатар Эсмералда охины нэрээр нь «Эсмералда» гэж нэрлэжээ. Бүжгэн жүжигт хөгжим, бүжиг хоёр хосолж, тайзны засал, бүжигчийн хувцас, бүжгийн хөдөлгөөнөөс өөр, үг дуу ордоггүй учир бүжгийн аргаар романыг үзүүлэхэд, сэтгэлийн хөдөгөөнийг голлон  үзүүлж, бусад үгээр буюу гэрэл зургаар үзүүлж болох зүйлийг бүжгээр үзүүлж болохгүй тул бүжигт юу гарахы нь нэг товчлол зохиол хийж, үзэгдэл бүрийн санааг тайзны засал, бүжиглэлээр үзүүлэх тул нэг хоёр цагийн бүжгийн богино хугацааны дотор романыг үсэгчлэн багтааж болдоггүй нэг учир байдаг байна. Тиймийн тул роман зохиолтой яг адил байх ёстой гэж киног ч, бүжгийг ч номын доторхийг ширхэгчлэн үзүүлэх ёстой гэж шаардах учир байдаггүй. Кино үзэгч нь, номд гарсан баатруудын дүрийг, тэдний зан ариншин, сэтгэл санаагий нь яаж жүжигчид үзүүлэв? гэдэгт гол анхаарлаа тавьдаг. Бүжгий нь үзэхдээ мөн романаас санаа авч, бүжин хөдлөх бөгөөд хөгжимтэй хослох тоглолоор яаж уншигчийн таних болсон дүрийг үзүүлэн бүтээж байна гэдгийг сонирхдог байна. Үүнд: 1848 оноос олон улсын бүжгийн хүрээлэнгий тайзнаа хэд хэдэн үеийн нэрт бүжигчид Хюгогийн зохиолд гарч байгаагүй түмэн хүний сэтгэл хөцөлгөсөн хөөрхийлэлт охин Эсмералда, түүнд чин зүрхнээсээ сэтгэлтэй болсон бөгөөд гаднах байдал нь хүн үзэшгүй дутуу тахир, эрэмдэг зэрэмдэг мөртөө сүү шиг сайхан сэтгэлтэй Квазимодо, Парисын Эх дагинын сүмийн их унзад багш Фролло Клод, наанаа номч багшийн дүртэй, цаанаа хүн алдаг, худал хэлж хов хөөцөлддөг, хилс бузрын эзэн хамаг муу муухайгаа санваартан лам багшийн хувцсаар халхалсан нэгэн харгис, Фебүс гэдэг Наран тэнгэрийн нэртэй, гаднаасаа гоё ганган сайхан эрийн байдалтай мөртөө цаанаа завхай, хүний үнэргүй муу амьтан байсныг жүжигчин хүн тэр байдлы нь дүрслэн үзүүлсээр ирсэн билээ. Сайн бүжигчин хэрхэн хосгүй сайхан дүрийг бүжин бүтээснийг шагшин магтаж бичсэн өгүүлэл, ном зохиол, Европын олон улсын урлагийн судлал, дурдатгалын утга зохиол, сонин, сэтгүүлд энэ зуу гаруй жилийн дотор өдий төдий бий болжээ. Үүнд: Одоо Азийн улс түмэн дотроос манай монголын ард түмний авъяастан залуу бүжигчид Европын эл алдарт сонгодог бүжгийг монгол бүжгийн хүрээлэнгийн тайзанд саяхан анх удаа тоглон үзүүлснийг бахархан тэмдэглэлтэй байна. Зөвлөлт улсын бүжгийн сургуулийн уламжлалтай манай залуу бүжигч хамт олон маань энэ сонгодог жүжгийг тоглосноороо аль ч улсын бүжгийн хамт олны дунд улс ардынхаа урлагийн нэрий нэрлүүлж чадах болсон авъяас, эрдэм төгөлдөр сайхан хамт олон болсноо үзүүллээ гэж бахархалтай байна.
        Бүжигчин Цэрмаа, ард олонд хайртай, үзэсгэлэн гоо бөгөөд сэвгүй сайхан сэтгэлтэй учраас муу муухай, харгис зальтайн ов живийг танилгүй түмэн зовлон амсаж, эцэс сүүлдээ харгис зальхай унзад Фроллын тачаангуйн сэтгэлийг дагасангүйн учир амь үрэгдсэн Эсмералдын дүрийг орчин үеийн бүжгийн хөдөлгөөнөөр үзүүлж  учралтай сайхан дүр бүтээсэн нь, дэлхийн бүжгийн хүрээлэнгийн тайзнаа бас нэгэн Эсмералдын дүр нэмэн баяжуулжээ. Түүний, эх Гүдүлийн гунилтай дүрийг бүжигчин Шаравдорж бас чадамгай дүрслэн үзүүллээ. Унзад лам Фроллын дүрээр Хюго католик шашны бурангуйгий нь үзүүлснийг бүжигчин Сэвжид бүжиж, ийм муухай дотортой амьтан байдаг юм байна гэдгий нь мөн аятайхан харуулжээ. Вангийн шадар цэргийн дарга Фебүсийг бүжигчин Баатар маш чадамгай үэүүлж, зохиолчийн бодож бичсэн тэр хүний дүр чанарыг бүжгийн хөдөлгөөнөөр таатайхан үзүүлсэн нь, үзэгчдийн анхаарал татлаа. Үзэшгүй муухай биетэй, гайхалтай сайхан сэтгэлтэй хөөрхий Квазимодыг жүжигчинБатчулуун бас сайхан дүрслэн бүжжээ. Фебүстэй гэрлэх болсон Флерде Лис эмэгтэйг бүжигчин Дашдулам, бүжигчин Ганбаатар Актеоны ролийг тоглохдоо, бүжгийн чадал авъяасыг гялалзуулан үзүүлж, Актеонтой бүждэг Дианыг бүжигчин Туул үнэхээр бахдалтай сайхнаар дүрсэлж, бүжгийн уран хөдөлгөөн, орь залуу гоо үзэсгэлэнгийн цогоор тайзыг гийгүүлжээ. Бүжигчин Энхтуяа Флер де Лисийн найзыг бүжин үзүүлсэн нь бас тэмдэглэлтэй сайхан бөгөөд авъяас, сургууль хосолсон бүжигчний маань нэг нь юм байна гэдгээ үзэгч олондоо баясгуулан харуулжээ. Цигаануудын дундаас тэдний тэргүүн болсон Хуниади, Клопен, Гийом болж бүжсэн Пүрэвжав, Цэдэмдамба, Батсуурь нар бас үзэгчийн сонирхмоор сонин дүр  бүжин бүтээжээ. Эмэгтэй цигаан болж бүжигсдээс Навч, Мандхай, Оюундэлгэр нар гурван тун хөөрхөн цигаан хүүхний дүрийг бүтээн чаджээ. Ер нь энэ бүжигт ард түмэн, жирийн олон гуйлгачин, цэрэг гэх зэргийн нэргүй дүр болж гарагсад ч гэсэн чадалтай сайхан тоглож, бүжгийн сайханд хүн бүр хувь нэмрээ оруулсан нь нийтдээ манай эл залуу бүжигчин хамт олон бол, тун ч сайхан авъяастай, ахин өссөөр байгаа дэлгэрэн өрнөж байгаа хамт олон юм байна гэж эл эалуу хамт олны бүжэглэхийг үзсэн хэн ч баярлан  бахархана. Монголын бүжгийн түүхэнд эдгээр бүжигчний бүтээсэн дүр нь тэмдэглээстэй байх учиртай юм.
        Эл бүжигт бүжгийн сургуулийн хүүхэд оролцсон нь таатай сайхан санагдаж байна. Хойшид бүжгийн сургуулийн сурагчдыг энэ мэтээр тоглолтод оруулан, бүжих авъяас дасгалд нь туслалцаж байх нь зүйтэй юм. Энэ сайхан бүжгийг аль чулсын бүжгийн тайзанд гардгаас огт дутуугүй гаргасан манай бүжигчдийн тоглолт нь нэг хоёр цагийн тоглолт боловч, цаана нь бүжгийн сургууль хийсэн хэдэн жилийн шургуу хичээл, түүний цаана нь тухайн бүжиг гаргах гэж хэдэн сар маш их ажил хийж сургуулилсан байдал илэрхий харагдаж байна. Эл хичээл хөдөлмөрий нь хүндэтгэн дурдаж, үзэгч олныхоо нүдний хужир болсон эл авъяастан залуу хамт олны ажил хөдөлмөр, ахуй нөхцөлд нь театраас эхлэн цаашлаад Соёлын Яамнаас халамж сэтгэлээ тавин, авъяастан эдгээр залуусаа зүйл зүйлээр дэмжиж байгаасай.          
        Гэвч эл бүжгийн чимгийгболовсруулсан залуу зураач Сүхбаатар зарим зүйлд тэр үед, тэр улсад байгаагүй юм хийж, уг жүжгийн түүхэн үеийг харуулсан нь XV зууны байдалд XI зууны бөгөөд Франц, Парист огт хамаагүй эүйлийг үзүүлсэн инээдэмтэй зүйл бийг цухас дурдаж, хойшид мэдцээ ахиулах, мөн мэддэг мэргэжилтний үг зөвлөлгөөг анхааран авах зүйл байгааг тайзны заслын хувьд хэлмээр байна.Хувцас хунарын байдал өнгө нь бас тухай тухайн үед таарсан байхыг бодууштай бөгөөд хорьдугаар зууны үеийн манай хотын гар үйлдвэрийн гутлыг XV зууны Парист өмсч байсан гэхэд хэцүү хэрэг. Гуйлгачингууд гоё торгон хувцастай гэхэд бас хайшаа ч юм бэ? гэх зэргийн олон асуудал үзэгчийн сэтгэлд төрж байгааг зураач, чимэглэлч бодмоор байна. Үүнд аятайхан болсон зүйл бий боловч, эрдэм мэдцээ зузаан болгохыг үргэлж мэрийх зүйл бийг дурдалтай. Бүжгийн хөгжим мөн сайхан болж, энэ бүжгийг гаргахад найруулсан Жамъяндагва, Хабаева нарын уран саналгын зүйл, сургуулилсан хүч хөдөлмөр үлэмжхэн оролцож, манай бүжиг дэглэн найруулагч нар, дэлхийн сонгодог бүжгийг найруулах чадалтай, бүжигчин нь авъяас, сургууль төгөлдөр болсон нь бахархалтай бөгөөд энэ бүжигт үлэмжхэн хүч чармайлт гаргаж,амжилтад нь хувь нэмрээ оруулсан зөвлөлтийн гавъяат жүжигчин Ясинская, Мазманова, төгөлдер хуурч Чаклин, зэрэг олон нөхдийн зүтгэл нь, сайхан бүжиг манай тайзанд бнй болгоход найртай ах дүү улсын мэргэжилтэн нар монгол бүжигчинтэй халуун санаа, нэгэн сзтгэлээр зүтгэж сонин сайхан шинэ бүжгээр үзэгч биднийг баясгаж, бүжигчин,хөгжимчин, зураач нар бүгдээрээ бүтээлчээр ажиллаж, монгол бүжгийг хөгжүүлж байгаа нь үзэгч бидэнд сайхан байна.Энэ «Парисын Эх дагинын сүм» зохиолын сэдвээр бүтсэн нэрт бүжиг манай олон үзэгчдийн бахархан үздэг нэг сайхан жүжгийн нэг нь болж чадсан байна. 
РИНЧЕН доктор “Үнэн" сонин 1967 он, 141

ЭХ ХЭЛЭНДЭЭ ЭЗЭН БОЛЪЁО

        Ардын засаг мандаад, ЗХУ-ын хэл бичгийн дээд сургуульд явуулсан анхны 18 оюутны нэг нь болсон миний бие зөвлөлтийн нэрт эрдэмтэн есөн академичаар багшлуулан заалгах хувь заяа олдож, монгол бичиг үсгээ Монгол сайн багш нараар заалгасныхаа дээр эх хэлээ шинжлэх ухааны ёсоор ухааран танихын ховор завшаан тохиолдсон билээ. Үүнд Монгол хэл бичгийн зузаан мэдлэг бүхий хоёр академич багш Владимирцов, Козин нараар заалгаж байхад, эдгээр багш нар минь монгол бичиг зохиолд нэгэн онцлог сонин зvйл бий гэдэгсэн. Юув гэвэл, монгол утга зохиолын уламжлалд үг найруулгыг маш эрхэм болгох нэгэн сонин уламжлал бий. Улс төр, шинжлэх ухаан, түүх судар, ерийн албан бичигт хvртэл vг найруулгыг тун эрхэм болгодог ёс бий. Түүнийг анхааран үз гэж монгол ном судар, албан бичиг тэргүүтэн үгийг сонгон хэрэглэж сул үггүй найруулга сайтай болгодгийг ажин сурч танин мэдгэдэгсэн.
        Монгол ардын билиг гэдэгт үлгэр, тууль цөм энэ зарчмыг баримталдаг ёс бий гэж Владимирцов академич, Монгол ардын баатарлаг туульсийн зүйлийг vгнайруулгын хувьд судлуулж, маш их анхааруулдаг байсан. Тэгээд сургуулиа төгсч Судар бичгийн хvрээлэнд хvрч ирэхэд минь Сvхбаатар жанжны багш Онход Жамъян гуай, тэр vеийн судар бичгийн хүрээлэнгийн эрхэлсэн сайд гэдэг тушаалтай, дэргэд нь монгол бичиг зохиолд сүрхий эрдэмтэй өвгөд байдагсан.
        Цөмөөрөө залуу оюутан хүрч ирлээ гэж монгол бичгийн хэлний найруулгыг эзэмшиж ав гэж их анхаарал тавьдаг байлаа. Намайг Оросын нэрт сайхан зохиолоос орчуулж, найруулгаа биднээр засуул гэдэгсэн. Тэгээд миний орчуулсан зvйлийг үзээд ингэвэл санаа нь тодорхой болно. Энэ үг уг утганд нь таарахгvй, илүү сул үг байна. Энэ өгүүлбэрийг үзвэл ийм үг байвал зохих юм шиг байна. Цаадих бичигт бодоход ийм санаа гармаар санагдаж байна гэхэд нь эх бичгийг нь үзэхэд нээрээ л тэр үг илүүдсэн буюу дутсан байдагсан.
        Эх бичгийн үгийг мэдэхгvй байгаад миний найруулгын дутуу дулим газрыг яагаад олоод байна гэж сонирхдог байлаа. Учрыг нь хожим л мэдлээ. Үг найруулгын сайныг нь танин мэдэх гэж тийм тийм нэрт зохиолыг үз гэж надад харамгүй цаг гаргаж албан цагийн нэгэн хэсгийг зориуд миний уншин үзэхэд зориулан гаргаж, монгол хэлний 36-т гэдэг толийн тайлбарыг үзүүлдэгсэн. Тэдгээрийн сонин найруулга зүйн учрыг залхууралгvй, тусгай цаг гаргаж, надад хэлж өгдөг байсан, онолоор Зөвлөлтийн их эрдэмтэн багш нарын заалгасныг туршлага, дадлагын ажлаар давтан боловсруулж, зөвлөлтийн дээд сургуульд онолын мэдлэг олсноор сэтгэн бодсоноо найруулан бичих, мөн сайн зохиолын найруулгыг судлан vзэж задлан шинжлэх ажлаар дадлага олохын ажил хийсэн минь надад орос хэлнээс монгол болгоход их хэрэг болсны дээр зохиолч болоход минь үнэлж баршгvй тус болсныг би энд тэдгээр Зөвлөлт, Монгол багш нарынхаа их ач гавьяаг цухас тэмдэглэхийг хүсэхийн хамтад одоо манай улс хөгжиж, бичигтэн үй тvмэн уншигч нартай болсон үеэс манай зохиолч нар, ухаан оюундаа сэтгэн бодсоноо тvмэн уншигчийн хүртээл болгоход хэлээ эрхэм болгохыг насан турш оролдох нь үүрэг гэж онцлон тэмдэглэхийг түмэнт хүснэ.
Зохиолч хүн одоогийн боловсрол зузаан болсон цагт дан мухар хар авьяасаар болохгvй тэгж болдог цаг ардын боловсрол хөгжсөний улмаас аль хэдийн өнгөрч, хэлнийхээ боловсролыг өдөр алгасалгvй зузаатгах нь зохиолч нэр хүлээсэн бид бүхний эрхэм үүрэг болсныг бүгдээрээ бодох цаг хэдийнээ боллоо.
        Бидний зохиолыг хүн үздэг суралцдаг, дуурайдаг тул уншигч бичигч олны өмнө бидний хариуцлага өндөр байгаа. Үүнд зохиолын хэлэнд Монгол ардынхаа эх хэлний ёсноос этгээд, барагтайхан орчуулагчийн ташаа орчуулгын булайд автахгvй байхыг хичээх цаг боллоо. Уран зохиолын хэл бол албан бичгийн хэлнээс өөр байх учиртайг зохиол, найруулгаараа үзүүлэх хэрэгтэй боллоо. Монголоороо боддог, Монгол сайхан үг хэлээ хэрэглэж, ардынхаа хэлний зүй ёсыг ард олон уншигч нартаа зориулсан зохиолдоо хэрэглэхийн дээр, үгээр баян эх хэлнийхээ баялгийг хэлнийхээ найруулгын ёсыг даган баримтлах ёстой билээ. Манай зохиолчдын зохиолыг vзэхэд, ардынхаа хэлний нарийн учир утгыг боддоггvй vзэгдэл олон тохиолддогийг дурдалтай.
        Энд ганц нэгэн жишээ дурдвал, Ч.Чимидийн “Монгол домог” гэдэгт “Тавагны юм” гэсэн vг бий. Хар хэлэнд хазгай хэлдэг юм олон бий. Зохиолч хүн түүнийг баримтлаж, зохиогчийн үгэнд хэрэглэх ёсгvй. Зохиолдоо гардаг баатрын дүр, боловсрол, үзэл санаа зэргийг гаргахад, панзчин хүний амнаас гарах үгэнд панзын үнэр ханхлуулах, хүнд сурталтай хvний байдал гаргахад “хүнд суртлын” шивтэр хангинуулах үг амнаас нь гаргах нь зүйн ёс, зохиолчийн vvрэг. Гэвч,зохиолчийн өөрийн үгэнд тийм этгээд үг хэллэг монгол хэлний зүйгээс гажууд байж болохгvй. Дээрх “тавагны юм” гэдэг үг харцуул борцуулын амнаас бишгүй гардаг боловч, -г гэдэг дагавраар бүтсэн үгэнд -ы-ний гэдэг дагавар залгадаг ёс монгол хэлэнд байхгүй нь “аймагны”, “хэрэгний”, “нутагны” гэдэггүйтэй нэгэн адил болно. Боловсрол муутай баатар нь “тавагны юм”, “аймагны дарга”, “засагны газар” ч гэж хэлж болно. Зохиолч нь түүгээрээ зохиолынхоо баатрын дүр, боловсрол зэргийг үзүүлэх нэгэн зvйлийн уран арга. Өөрөө, зохиолчийнхоо үгэнд тэгж хэлж буюу бичиж болох уу гэвэл үл болно. Мөн зохиолд “Чи ч баярын юм АА” гэсэн үг байгаа нь монгол хэлнээ -аа, -ээ, -өө гэдэг хамаатуулах дагавар нь -ын, -гийн, -ы, -ий гэдэг харьяалахын дагавартай салшгvй холбоотой нь Монгол хэлний зүйн ёс. Ардууд маань “Баярынхаа юм”, “Аавынхаа морийг” гэж зөв хэрэглэдэг байхад албан бичгийн алдаатай хэлэнд “Аавын морийгоо”, “Ажлын төлөвлөгөөгөө” гэж буруу хэрэглэдэг албаны болхи үгийн ташаарлыг зохиолч хүн зохиолдоо хүнд сурталт, албаны болхи үгтэй амьтны дүрийг гаргахад хэрэглэхээс биш, бичгийнхээ зохиолд зохиогчийн найруулан өгүүлэх үгэнд хэрэглэж яахин болох билээ. Хүний сайныг танин мэдвэл, өөрийнхөө ардын сайн сайхныг танин мэдэх нүд нээгддэг байна.
        Би орос хэл сурахдаа есөн наснааасаа бичгийн хэлийг сураад, дунд, дээд сургуульд суралцсан цагаасаа одоо хvртэл орос хэлээр танин мэдэхийн их ертөнцийг үзэн мэдэж, одоо хvртэл орос хэлний нарийнийг судлан ухаарч, орос хэлээр дамжуулан түмэн улсын эрт өдгөөгийн нэрт зохиолыг сэтгэл цэнгэн, ертөнцийн гоо сайхныг үзэх нүд нээгдэн оролдсоор, ачит багш нарын ачаар өөрийнхөө эх хэлний учир ёсыг гадарлан таних болж, бичих зохиохдоо эх хэлнийхээ үлэмжийн баялгийг аль болохоор хэрэглэхийг мэрийдэг болох сүв нээгдлээ. Чингээд, миний ажваас, манай зохиолч нөхөд, орос хэлийг мэдлэг нэмэгдүүлэхийн их сан болгох, орос хэлний нарийн учир ёсыг анхааран таниж, түүний улмаас өөрийнхөө хэлний ёс зүйг мэдэх мэдлэгээ зузаатгах нь чухал болж байна. Орос хэлний мэдэцгүйхэн нь, монголоороо бичихэд нь эргээд муу нөлөө үзүүлдэг юм байна гэж олон орчуулгыг үзэхдээ сэтгэл зовнидгоо хэлүүштэй байна. Ганц жишээ дурдвал, манай авьяаслаг зохиолч Гармаа “Наташа” гэдэг өгvvллэгийнхээ эхэнд “Ээ-х! Наташа, Наташа! Тэр хайрласан нvдээр эхнэрээ ширтэж ингэж хэлээд инээмсэглэв” гэсэн нь, монголоор бичсэн бөгөөд монголоор бодон сэтгэгч тvмэн уншигч олондоо Монгол бус бөгөөд болхи орчуулагчийн найруулгаар орчуулан зохиосон энэ өгvvлбэрт vзэхэд, Ээ-х Наташа Наташа гэж чамирхасан нь, монголоороо бодоход “Ээ дээ, Наташа минь, наташа минь” гэсэн юмуу даа гэж бодогдож байна. “Тэр хайрласан нvдээр” эхнэрээ ширтэн ингэж хэлээд инээмсэглэв гэсэн “он” гэдэг орос хэлний заах үгийг махчлан орчуулж “тэр” гэсэн нь монгол өгvvлбэрийн зүйд “тэр” гэдэг vг нь, Наташийн нөхрийг заасан vг биш болж “Тэр хайрласан нүд” гэж нүдийг заан үг болчихсныг анзаарсангvй ажээ. “Хайрласан нүд” гэж юугий нь тэр нүд хайрласан болж байна даа гэж монголоороо бодон уншигч хүний сэтгэл төөрөгдөл төрүүлэх vг болж байна. Бодвол, Ээ дээ Натааш минь, Натааш минь гэж эхнэрээ энхрийлэх нүдээр ширтэн инээмсэглэсэн хүн болохоос, хайрлаж харамссан ч биш бололтой. Үг найруулгын эрхэм нь уншигчийн сэтгэлд зөв сэтгэгдэл төрүүлэхтэй маш холбогдолтойг нарийн бодсонгүй бололтой. Дэлхийн нэрт зохиолчдын зохиолыг үзэхэд энэ мэтэд их анхаарал тавьж, үгээ хэд хэд дахин залхуугүй найруулан засдаг нь “Утгын өвгөн үгийн таяг тулдаг” гэдэг манай өвгөдийн мэргэн үгтэй яг дүйж байгааг зохиолч бид бүгд бодох учиртай. Би өөгүй зохиолч боллоо гэж бодоод ингэж байгаа юм биш. Надад ч бас алдсан оносон зүйл бий. Гэвч, алдсанаа олох гэж үргэлж мэрийж, ачтан багш нарынхаа сургаалийг чадахыг хирээр баримталж, анхны манай зохиолчдын дугуйлангийн нэгэн тэргүүлэгч гишvvн хэмээгдэж байсан цагаас одоо хүртэл монгол хэлээ оролдсоор ирсний хувьд хойч үеийнхээ зэвсэг нэгтэй зохиолч нөхөддөө өөрийнхєє олж мэдсэн, алдаж оносон зүйлээ эргэцүүлэн бодохдоо зохиолынхоо хэлэнд их анхаарал тавьж, баялаг монгол хэлнийхээ уурхайг уудлан, эх хэлэндээ эзэн болохыг хичээн уйдалгvй мэрийн оролдохыг хэлэх хүсэлтэй байна. Этгээд үгийг “этгээд” баатрынхаа аманд оруулахаас биш, зохиолчийн үгэнд оруулахгvй байгаасай гэж хүссэн байна.
        Манай монгол хэлэнд миний барагцаалбаас, долоон буман үг бий гэж тоймлон боддог. Түүний нэгэн багаахан хэсэг нь Цэвэлийн “Монгол үгний товч тайлбар толинд” гарсан зүйл бийг хааяа хааяа сөхөн үзэж, зохиолч хүн бүр бичгийнхээ хэлний баялгийг эзэмшээсэй гэж эгээрнэм. Бас, зохиолч хvн, монгол ардынхаа бичгийн зохиолийн аль давшилт сайхан өвийг хэрээрээ судлах нь тун хэрэгтэй тул, Монгол “худам” гэдэг хуучин үсгийн зохиолын нэрт бичгээс улсын номын санд үзэж, үг найруулгыг судлах нь одоо цагийн боловсролын явцаар шаардлагатай зvйл гэж би боддог. Дундад сургуулийн хэлний мэдлэгийн дутууг учраа мэдсэн насандаа өөрөө нөхөн оролдох нь бид бүгдийн үүрэг гэж үүнийг нөхөд зохиолч нарт үсэн буурал болсон миний бие захин хүсэх нэгэн зүйл бийг толилуулсу. Хэлний зүй, үйл үгийн цаг мэтийг нарийн таньж мэдэх нь чухал тул, энэ тухайд жич бичихийг хүснэ.
Б. Ринчен “Утга зохиол, урлаг” сонин 1972.10.06 No 41

УЛСЫН НЭР ТОМъЁОНЫ КОМИСС БАЙДАГ ЮМ ШҮҮ  

        Сая “Хөгжмийн нэр томьёо” гэсэн өгүүлэл, “Соёл, утга зохиол” сонинд хөгжмийн зохиолч Дамдинсүрэн бичжээ. Тэхдээ, хөгжмийн нэр томьёог ганц Бадраагийн хувийн зохиол гэж үзэж, хөгжмийн зохиолчдын хороо тэр нэр томьёог түмэн түүхий учир дахин хянан боловсруулж засвал зохино гэсэн санал тавьжээ.            
        Гэтэл, Монгол Ард улсын засгийн газраас тусгайлан Жагварал даргатай улсын нэр томьёоны комиссын бүрэлдэхүүнийг батлан тогтоож, нийтээр тэр комиссын тогтоолыг дагаж хэрэглэвэл зохино гэснийг засгийн газрын тогтоол биелүүлэх хэн хүн, ямар нэг байгууллага тэгж дур мэдэн өөрчилдөг нь ямар вэ гэдгийг бодууштай. “Дэлхийн хөгжмийн соёлт улс бүхэн хэвээр нь хэрэглэж байгаа нэр томьёо” гэдэгтэй н. Дамдинсүрэн труба, скрипка, орган, гобой гэх зэргийг дурджээ. Гэтэл, “труба” гэж дэлхийн нийтийн хэл биш, голдоо нүхтэй, хөндий юмыг нэрлэдэг орос үг бөгөөд, 1-д зуухны янданг, 2-т борооны дусаалын гоожуурыг, 3-т байшинд ус оруулдаг хоолойг, 4-т дуран авайг, 5-д агаарын хүчний хоолой, 6-д гүүр шуудууны хонгилыг, 7-д хүний биед байдаг хоёр зүйлийн эрхтнийг, 8-д бүрээг, 9-д бадралт баг бишгүүрийн бишгүүрийг орос хэлэнд тэр нэг үгээр хэлдэг бөгөөд, ганц франц хэлэнд түүнийг 15-16 үгээр орчуулдаг, монголоор арван хэдэн үгээр орчуулдаг үгийг дэлхийн нэг улсын “дэлхий нийтийн үг” гэж үзжээ. Скрипка гэж скрип гэсэн хяхнах хэмээх орос үгнээс гарсан үгийг бусад улс өөр өөрөөр орчуулдаг юм. Орган гэдэг орос үг германд оргель, францад оргю, чехэд варханы, хятад, солонгос, араб, монгол цөм тус тус нэртэй юм.         
        Бээжинд ноднин гарсан монгол хятад зэрэг таван хэлний тольд байдаг бялрыг европын хэлэнд кларнет гэж орчуулдаг атал, европоос кларнетыг монгол болгоход кларнет болно гэхэд арай тусгүй болов уу. Оросоор гобой гэдгийг франц обуа, польш обуй, хятад, вьетнам, солонгос, энэтхэг, монгол, бүх азийн улс цөм өөр өөрийн хэлээр нэрлэдэг байна. Францаар бичихдээ, hautbois гэж бичдэг нь, Францын haut гэсэн нь нарийн дуутай, bois гэсэн нь мод гэсэн үг, 16 дугаар зууны үед франц нар, жимбүүрийг “нарийн дуутай мод” гэж нэрлэснийг орос хэлэнд хоёр зуугаад жилийн өмнө сунжран орсон нь хятадын гуа мянь гэдгийг монгол гоймон болгосон шиг хоёр хэлний соёл түүхэн харилцаа болохоос биш, “дэлхий нийтийн” нэр биш юм шүү! Европт наад зах нь мажар (унгар улс) францын мажор минор гэдгийг “дур хангнем, молл хангнем” гэдэг. Хятад, Вьетнам бас өөрийнхөө хэлээр нэрлэдэг нь, монголын арга эгшиг, билэг эгшиг гэсэнтэй орчуулга нийлдэг тул, бүх Азийн олон улсыг, мөн европын нэлээд олон улсыг н.Дамдинсүрэнгийн томьёоллоор “хөгжмийн соёлт дэлхий нийтийн” улсын тооноос шууд хасахад хүрэх юм байна. Хэлийг нь мэдэхгүй улс бүхнийг “дэлхий нийтээс” хасаад байвал, миний “дэлхий нийт” арван хэдэн улс, н. Дамдинсүрэнгийн дэлхий нийт нэгийн зэрэг улс болоход хүрэх юм байна. “Дэлхий нийтийг” тийм хэмжээгээр үзэж арай болохгүй байх. Сүүлийн хэдэн зуун жилд монголчууд шанз гэхээс шударга гэж бичсэн үүнд, дэлхий нийтийн соёлт улс, бичгийн хэл, бичгийн хэлний толь баримталдаг ёсоор үзвэл, 18 дугаар зуунаас 1957 он хүртэл гарсан монгол хятад толь бичиг, монгол хятад европ толь бичигт шударга гэдгийг хятадын сяньцза гэдэг үг мөн гэж байдаг үүнд, Хүрээ, Улиастай, Хиагтын наймаа хотын бичиг үл мэдэх монгол хүүхнүүд сяньцза гэдгийг шанз гэж хятад үг сунжруулан дууддаг байжээ. Хүрээний наймааны монгол хөгжимчин эмэгтэйчүүдээс цэнгэлдэх хүрээлэнд хөгжимчнөөр ирээд сяньцзыг шанз гэж байсан хэрэг. Найнай тайтай, дааеэ зиэзиэ,мэймэй гэх зэргээр монгол үгийн оронд хятад үг хэрэглэдэг байсныг Хүрээний наймаа хотын монгол аман аялгуу гэж монголч эрдэмтний бичсэн номд байдаг. Тэгж ч байсан хэрэг. Одоо ахай, авгай, эмээ, хөгшин аав, эгч, дүү гэж монголоор хэлдэг болсон. Тэгэхэд сяньцзыг шанз гэж байснаа монголоор шударга гэхийг бас ч буруушаах зүйл биш, нийтээр бичигтэй боловсролтой болсон санж. Орост саяхан болтол гадаадаар нэрлэж байсан үгээ соёл хөгжиж техникт самоход, самокат, самолет, вертолет, пулемет, хөгжимд торжественно, величьвоживо гэх зэргээр хэрэглэдэг болсон нь бүтээсэн үндэстний анхны нэр томьёо өөрчлөгдөхгүй гэж Н.Дамдинсүрэнгийн үздэгтэй арай нийлэхгүй өөр зарчим байдгийг гэрчилж байна. Жишээ нь: дарийг анх хятад бүтээжээ, шаазанг анх хятад бүтээжээ, торгыг бас хятад анх бүтээжээ. Их бууг анх хятад бүтээжээ. Ном хэвлэхийг анх хятад бүтээжээ. Луужинг анх хятад бүтээжээ. Цаасыг анх хятад бүтээжээ. Дэлхийн олон улсын хэрэглэдэг тооны тэмдгийг анх энэтхэг бүтээжээ. Тэгийн тэмдгийг анх энэтхэг бүтээжээ. Гэтэл, дэлхийн соёлт улс бүхэн, түүний нь авахдаа, хятад энэтхэгээр хэрэглэсэн улс бараг байхгүй...
        Дамдинсүрэнгийн зэрэг хөгжмийн зохиолчид, зүй нь хөгжмийн монгол нэр томьёог улам сайжруулах гэвэл, тогтоох өөрчлөх бүрэн эрх бүхий улсын нэр томьёоны комисст саналаа оруулж, монгол хэл бичгийн мэргэжилтэй, комиссын гишүүдтэй хамт хуралдан хэлэлцэж,зарим нэг нэр томьёог үнэхээр тохироогүй бол, комиссоор хэлэлцүүлбэл зохих юм. Тэгвэл “дэлхий нийтийн нэр томьёо” гэж баримтгүй хоосон сүр бадруулснаас дээр болох бий.
                         
Улсын нэр томьёоны комиссын гишүүн, хэлний шинжлэлийн ухааны доктор РИНЧЕН          
 “Соёл утга зохиол” 1958. 5. 27. №22”  
МОНГОЛЫН ЗА — АНДАГААР БУЙ
ЗАА
СЭТГЭХҮЙ
БОЛОВСРОО
ГҮЙН
ҮЗЭГДЭЛ
МОНГОЛ ХЭЛНИЙ СУДЛАЛД ТУСЛАНА УУ?
«Эсмералда» монголын бүжгийн хүрээлэн
гийн тайзнаа
ЭХ ХЭЛЭНДЭЭ ЭЗЭН БОЛЪЁО
УЛСЫН НЭР ТОМъЁОНЫ КОМИСС БАЙДАГ
ЮМ ШҮҮ
Буцах